|
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг, 14:35 |

| |
Жозеп Гуардиола (2008-)
Жозеп Гуардиола и Сала нь 1971 оны нэгдүгээр сарын 18-нд Санпедорт (Барселона) төржээ. Олон жилийн турш Каталаны нэр төр Барсагийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглож байсан юм. Гуардиола Барса Б багийг удирдан гялалзсан нэг улирлыг үдсний дараа буюу 2008 оны зун Барселон клубын нэгдүгээр багийн дасгалжуулагчаар томилогдсон билээ.
2008-2009 оны улирал эхлэхийн өмнөхөн хоёр улирал дараалан ямар нэгэн томоохон цом хүртэж чадаагүй Франк Райкаардын оронд Барсагийн түүхэнд чимэг болон гялалзах домогт тоглогчдын нэг Жозеф Гуардиола томилогдов. Пэп өмнөх улирал нь доод дивизион руу унаад байсан Барселоны нөөц багийг буцаан гуравдугаар дивизионд буцаан авчирсан юм. Түүний баг 28 ялалт, 9 тэнцээ авч, ердөө л 5 ялагдал хүлээсэн юм. Төгсгөлийн плей-оффийн тоглолтод Кастилло ба Барбастре багуудын хаалганд нийт 9 гоал оруулж, өөрийн хаалганд нэг ч гоал алдаагүй нь олны талархлыг ихэд хүлээлжээ. Гуардиолагийн Барса Б баг гэртээ нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд прессинг хэлбэрийн хамгаалалтыг бий болгож, жигүүрээр тоглох, бие биенийхээ байрлалыг нөхөх тоглолтыг бий болгож маш том амжилт гаргасан байна. Тэрээр залуу тоглогчиддоо багийн тоглолтын амин сүнс нь хурдтай, уян хатан бөгөөд цуцашгүй хүчирхэг байдал хэмээн сургадаг. Тэрээр тоглогчдоос ихээхэн ур чадвар шаардах хувилбараар ихэнх тоглолтоо өрнүүдэг байв. Тоглолтыг 3-4-3 хэлбэрээр эхлүүлэн явц дунд нь маш хялбараар 4-3-3 хувилбарт оруулан ямар ч өрсөлдөгчөө мухардалд оруулдаг байв. Гуардиола бол Барсагийн нэгдүгээр багийг удирдаж байгаа арвантав дахь Каталан үндэстэн хүн ажээ. Тэрээр Барсаг удирдаж эхлэхээсээ өмнө хөлбөмбөгчний замналаа бараг бүхэлд нь Барсагийн төлөө зориулсан бөгөөд богино хугацаанд Итали, Катар ба Мексикт тоглож байв. 1984 онд Каталаны нэг жижиг клубээс Барсагийн залуучуудын багт нэгдэн орсноос хойш 16 жилийн турш Каталаны нэр төрийн төлөө зүтгэжээ. Гуардиола Барсагийн хамтаар 6 удаа лигийн аварга (1990-91, 91-92, 92-93, 93-94, 97-98 ба 98-99) цол хүртэж, Европын цом (91-92), Цомтой багуудын цом (96-97) тус бүр нижгээдийг өргөж, Хааны цомын (96-97 ба 97-98) хошой аварга болжээ. Гуардиола тоглож байсан бүхий л хугацаандаа №4 дугаар эзэмшиж байсан бөгөөд багийн тоглолтыг гол найруулагчаар тоглож байв. 2001-2002 оны улиралд Италийн Брешиа клубт тоглох болж, жилийн дараа Ромагийн бүрэлдэхүүнд 4 тоглолт хийгээд эргэн Ломбардын Брешиа клубтээ ирэв. 2003-2004 ба 2004-2005 оны улиралд алс холын Катарт Аль Ахли хэмээх багт тоглов. Тоглогчийн хувиарх сүүлчийн улирлаа Мексикийн Дорадос де Синалоа клубт өнгөрөөж, 2006 онд зодог тайлсан билээ.
|
|
The comment section is restricted to members only. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 27, Мягмар гариг, 10:07 |